2012-10-11
Макро эдийн засаг хичээл 1.

I сэдэв.  Үндэсний тооцооны систем, түүний үзүүлэлтүүдийг тооцох нь


Улс орны эдийн засгийн байдлын шинжилгээ нь бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэлийн хэмжээ, үндэсний орлого, нийгмийн орлого ба зарлагын бүтцийг тусгадаг үндэсний тооцооны системд тулгуурладаг. Үндэсний нийт үйлдвэрлэлийн хэмжээг тодорхойлдог үндсэн үзүүлэлт бол үндэсний нийт бүтээгдэхүүн буюу цаашид ҮНБ гэе. ҮНБ нь жилийн турш эдийн засагт үйлдвэрлэгдсэн бүх эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн өртгийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно. Ингэхдээ, үйлдвэрлэлийн бус бүхийл  үйл ажиллагааг (санхүүгийн болон, эцсийн бүтээгдэхүүнийг дахин борлуулахтай холбогдсон) хасаж тооцно. ҮНБ- ийг тооцохдоо цаашид дахин боловсруулсан болон дахин худалдах зориулалт бүхий завсрын бүтээгдэхүүнийг тооцдоггүй. Энэ нь үйлдвэрлэлийн хэмжээг хэт ихэсгэн давхардсан (2 дахин давтах) тооцооноос зайлсхийх боломжийг олгоно. Нийт бүтээгдэхүүний зах зээлийн өртөг нь эдийн засагт үйл ажиллагаа явуулж буй бүхий л пүүсүүдийн бий болгосон нэмэгдэл өртөгтөй тэнцүү байна. ҮНБ- ий тухайн жилд үйлдвэрлэсэн бараа үйлчилгээг олж  авахад нийгмээс гаргасан нийт зардлын нийлбэрээр эсвэл тэр онд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үр дүнд олж авсан мөнгөн орлогын нийлбэрээр гэсэн хоёр аргаар хэмжиж болно. ҮНБ- ий тооцоонд ордог нийгмийн зардлын үндсэн бүрдэл хэсэгт хувийн хэрэглээний зардал, дотоодын нийт хөрөнгө оруулалт, улсаас худалдан авсан бараа, үйлчилгээ ба цэвэр экспорт хамаарагдана. Нийгмийн орлогод капиталын хэрэглээний шимтгэл (элэгдэл, хорогдол) шууд бус татвар, хөлсний ажилчдад олгож буй цалин, рентийн төлбөр, зээлийн хүү, өмчөөс орох орлого ба корпорацийн ашиг орно. Хэдийгээр ҮНБ нь зөвхөн эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээний өртгөөр илэрхийлэгдэх боловч түүнд нийт хөрөнгө оруулалт ордог. Ингэхлээр элэгдэл хорогдлын шимтгэл, тооцогддог учраас давхардсан тооцоог өөртөө агуулж байдаг. Иймд үндэсний үйлдвэрлэлийг илүү үнэн зөв тооцохын тулд үндэсний цэвэр бүтээгдэхүүн буюу товчоор ҮЦБ гэсэн үзүүлэлтийг ашигладаг. Тэр нь ҮНБ-ээс элэгдэл хорогдлын шимтгэлийн хэмжээгээр ялгагдах бөгөөд өөрөөр хэлбэл зөвхөн цэвэр хөрөнгө оруулалтыг агуулдаг. Улс орны үндэсний орлогыг жилийн туршид бий болсон нэмэгдэл өртгийн үндсэн дээр тооцдог. Тэр нь үйлдвэрлэлийн бүхий л хүчин зүйлийн үнийн дүнгээр хэмжигддэг нийгмийн цэвэр орлогоор тодорхойлогддог. Иймд ҮО- ын хэмжээ нь ҮЦБ- ээс шууд бус татварыг хассантай тэнцүү байна. Үйлдвэрлэлийн хүчин зүйлийг өмчлөгчдийн хувьд авч үзвэл үндэсний орлого нь тэдгээрийн хөдөлмөрийн орлого мөн. Гэвч тэр нь :

Нэгд.  НДШ болон ашгийн татвар төлөхийн зэрэгцээ, орлогынхоо тодорхой хэсгийг (хуваарилагдаагүй ашиг) үйлдвэрлэлд оруулах ёстой.

Хоёр.  Үйлдвэрлэлийн хүчин зүйлийг ашиглахтай огт хамаагүй орлогыг (Жишээлбэл шилжих төлбөр) олж авдаг. Энэхүү шалтгаанаар хувийн орлого нь үндэсний орлоготой тэнцүү биш байдаг. Түүний хэмжээ нь үндэсний орлогоос НДШ, корпорацийн ашиг татвар, хуваарилагдаагүй ашгийг хасаад, шилжих төлбөрийг нэмсэнтэй тэнцүү байна. Гэхдээ хувийн орлого нь өрхийн аж ахуйд эцсийн хэлбэрээр очиж буй орлогоос давж байдаг. Хувийн орлогыг эзэмшигчид нь улсад орлогын татварыг төлөх ёстой. Түүний дараа л харин тэдэнд хэрэглээ ба хадгаламжиндаа зарцуулах орлого үлдэнэ. Үүнийг татвар төлсний дараах цэвэр орлого гэнэ. Үндэсний үйлдвэрлэлийн макро эдийн засгийн үзүүлэлтүүд нь зах зээлийн үнээр илэрхийлэгддэг. Хэрэв эдгээр үзүүлэлтүүд нь тухайн үеийн үнээр (тухайн оны эцсийн үнээр) хэмжигдэж байвал нь тэдгээрийн  нэрлэсэн илэрхийлэл юм. Хэрэв тогтмол үнэ хэрэглэж байвал энэ нь бодит илэрхийлэл болно. ҮНБ, ҮЦБ болон ҮТС-ийн бусад үзүүлэлтүүдийн нэрлэсэн ба бодит хэмжигдэхүүний хооронд үнийн түвшингийн өөрчлөлттөй холбоотойгоор ихээхэн зөрүү байж болно. Үндэсний үйлдвэрлэлийн хэмжээнд гарч буй бодит өөрчлөлтийг илрүүлэхийн тулд ҮНБ- ний ханшийг өсгөх, (хэрэв үнэ өсвөл) буюу ханшийг нь бууруулах (хэрэв үнэ буурвал) аргыг хэрэглэх шаардлагатай. ҮНБ- ний ханшийг өсгөх буюу бууруулах хамгийн энгийн арга нь нэрлэсэн ҮНБ-ийг үнийн индекст хуваах (ҮНБ-ний дефлятор) арга юм. Улс орны эдийн засгийн байдлын шинжилгээнд ҮНБ, ҮЦБ үндэсний орлого зэрэг үзүүлэлтийг ашиглах нь ихээхэн ач холбогдолтой гэдгийг тэмдэглэн хэлэхийн зэрэгцээ эдгээр үзүүлэлтүүд нь зөвхөн нийгмийн материаллаг аж байдлын тухай төсөөллийг өгөх, бөгөөд ингэхдээ, түүний бодит аж байдлыг бүрэн гүйцэт тодорхойлж чадахгүй гэдгийг анхаарах нь зүйтэй. Тэр ч байтугай үндэсний үйлдвэрлэлийн хамгийн өргөн хүрээтэй үзүүлэлт болох ҮНБ нь аж байдлын түвшинд жинтэй нөлөө үзүүлдэг ч гэсэн хүчин зүйлсийг бүрэн тусгаж чаддаггүй. Тухайлбал зах зээлийн бус үйл ажиллагаа бүтээгдэхүүний чанарын хэмжигдэхүүнүүд, ҮНБ-ний хуваарилалтын шинж чанар, хүрээлэн буй орчны байдал, далд эдийн засаг гэх зэрэг хүчин зүйлийг тооцохын тулд цэвэр эдийн засгийн аж байдал гэдэг ойлголтыг хэрэглэдэг.

Хичээлийн зорилго

1. Макро эдийн засгийн шинжилгээнд үндэсний тооцооны систем ямар үүрэгтэй вэ гэдгийг мэдэж авах.
2. Үндэсний үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд болох ҮНБ ба ҮЦБ гэсэн ойлголтуудын мөн чанарыг тайлбарлах.
3. Эцсийн ба завсрын бүтээгдэхүүний хоорондын ялгааг ойлгох, давхардсан тооцооны учрыг мэдэж авах.
4. ҮНБ-ийг тооцох хоёр арга болон нийгмийн орлого, зарлагын бүтцийг тодорхойлох.
5. Нийгмийн орлогыг хэмжих үндсэн үзүүлэлтийг тодорхойлох.
6. Үнийн ерөнхий түвшинг хэмжих аргыг тайлбарлаж, нэрлэсэн ба бодит ҮНБ-ний хоорондын зөрүүг харуулах.
7. Нийгмийн цэвэр эдийн засгийн аж байдал гэсэн ойлголтын агуулгыг ойлгох түүний ҮЦБ- ээс юугаараа ялгаатай гэдгийг тайбарлах эдгээр болно.
Үндсэн нэр томъёо, ойлголт
а)   Цэвэр хөрөнгө оруулалт
б).  ҮНБ-ийг орлогоор тооцох арга
в)   Улсын шилжих төлбөр
г).   Шууд бус татвар
д).  Рент
е).  Үндэсний нийт бүтээгдэхүүн товчоор (ҮНБ)
ж). Хувийн орлого
з).  Давхардсан тооцоо
и).  Нэмэгдсэн өртөг
к).  Үндэсний цэвэр бүтээгдэхүүн (ҮЦБ)
л).   Дотоодын нийт хувийн хөрөнгө оруулалт
м).  Хувийн хэрэглээний зардал
н).   Нэрлэсэн ҮНБ
о).   Элэгдэл хорогдлын шимтгэл
п).   Эцсийн бүтээгдэхүүн
р).   Үнийн индекс
с).   Цэвэр экспорт
т).   Татвар төлсний дараах орлого
у).   ҮНБ-ийг зардлаар тооцох арга
ф).  Улсаас бараа үйлчилгээг худалдан авах
х).   Үндэсний орлого (ҮО)
ц).   Зээлийн хүү
ч).   Цалин
ш).   ҮНБ- ний ханшийг өсгөх, ханшийг бууруулах
1.  Жилийн турш тухайн оронд үйлдвэрлэсэн бүх эцсийн бараа үйлчилгээний зах зээлийн нийт өртөг.
2.  Бараа материалын нөөцийг нөхөх болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд зориулагдсан, шинээр үйлдвэрлэгдсэн үйлдвэрлэлийн хэрэгслийн (машин, суурь машин, тоног төхөөрөмж, барилга байшин г .м.) зардал.
3. ҮНБ-ний хэмжээг тодорхойлох үед түүнд завсрын бүтээгдэхүүний өртгийг оруулан тооцоход гардаг тухайн бараа үйлчилгээний өртгийг нэг удаа илүүгээр тооцох.
4. Хувийн орлогоос хувь хүний татварыг хасаад үлдэх хэсэг.
5. Бараа үйлчилгээний экспортоос бараа үйлчилгээний импортыг хасаад үлдэх хэсэг.
6. Эцсийн хэрэглээнд зориулан худалдан авсан, бараа үйлчилгээ (цаашид дахин боловсруулах буюу дахин худалдах зорилгогүй).
7. Улсаас хувь хүнд (өрх гэрт) буцалтгүй тусламжийн хэлбэрээр олгож буй төлбөр.
8. Эцсийн бүтээгдэхүүний нийт зардлын нийлбэр дүн.
9. Нийт хөрөнгө оруулалтаас элэгдэл хорогдлыг хасаад үлдэх хэсэг.
10. Эцсийн бүтээгдэхүүний үйлчилгээг олж  авахад улсаас гаргаж буй нийт зардал (шилжих төлбөрийг оруулахгүйгээр).
11. Өрхийн аж  ахуйгаас өргөн хэрэглээний бараа үйлчилгээг худалдан авахад гаргаж буй зардал.
12. Тухайн жилд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтаас олсон нийт орлого.
13.Үйлдвэрлэгдсэн нийт бүтээгдэхүүний зах зээлийн үнээс түүний үйлдвэрлэхэд ашиглагдсан түүхий эд материалын өртгийг хасаад үлдэх хэсэг.
14.Тухайн жилд хэрэглэгдсэн капиталын өртөгтэй тэнцүү жилийн шимтгэл.
15.Пүүсүүд нь үйлдвэрлэлийнхээ зардалд оруулж тооцдог татвар. Тэр нь бараа үйлчилгээний үнийг өсгөх замаар хэрэглэгчдэд ногддог.
16. Үндэсний нийт бүтээгдэхүүнээс элэгдэл хорогдлын шимтгэлийг хасаад үлдэх хэсэг.
17. Үл хөдлөх хөрөнгө өмчлөгчдийн орлого.
18. ҮЦБ- ээс шууд бус татварыг хасаад үлдэх хэсэг .
19. Тухайн оны “зах зээлийн сагсны” нийт үнийг уг “зах зээлийн сагсны” суурь жилийн үнэд харьцуулсан харьцаа.
20. Татвар төлөхөөс өмнө гэрийн аж ахуйн орсон орлого.
21. Цалин ба цалингийн нэмэгдэл.
22. Тухайн жилийн үнээр илэрхийлэгдсэн ҮНБ-ний хэмжээ.
23. Нэрлэсэн ҮНБ-нийг үнийн индекст харьцуулах замаар бодит ҮНБ-ний бодит хэмжээг тодорхойлох аргууд.
24. Мөнгө эсвэл зээл ашигласны төлөө төлөх төлбөр.


Бичсэн: Bizsanaa | цаг: 12:03 | Хичээл лекц онол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


g
Бичсэн: Анударь (зочин) цаг: 11:55, 2021-11-30 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих